Гэнэтийн, урьдчилан төлөвлөөгүй ч юм уу, эсвэл байнгын тааламжгүй үйл явдлын нөлөөллөөс болж сэтгэл санаа, бие махбодийн хувьд хямралд орохыг стресс гэж нэрлэдэг. Энэ нь далд түгшүүр, тайван бус байдал, тулгамдсан асуудлууд, эцэг эх, ах дүү, найз нөхөдтэй холбоотой олон сэдвийн үр дүнд бий болсон таагүй дүр зураг юм. Стресс нь дотор талаас, өөрөөр хэлбэл сэтгэл зүйн зүгээс үзүүлж буй дарамт, шахалтын мэдрэмж юм. Хүн бүхэн амьдрал минь тайван сайхан, сэтгэл хангалуун, олон найз нөхөдтэй байхсан гэж хүсдэг. Гэвч амьдрал санаснаар болдоггүй нь харамсалтай. Ялангуяа өсвөр насныхны амьдрал стрессээр дүүрэн байдаг. Гэхдээ сэтгэл санаагаа түвшин, амгалан байлгах эсэх хүнээс өөрөөс нь шалтгаалдаг.
Сэтгэлийн дарамт, стрессийн үед Сэтгэл зүйн дарамтын үед бие бялдарт олон өөрчлөлт явагддаг. Чухам юу болоод байгааг ойлгоогүй атал бие чинь өвдөөд байгаа юм шиг л сэтгэгдэл чамд төрнө. Энэ нь сэтгэл зүйн таагүй байдлын улмаас бие махбодид өөрчлөлт гарч байгаагийн шинж юм. Чамд өгч байгаа анхааруулга буюу амьдралаа өөрчлөхийн тулд ямар нэгэн зүйл хийх хэрэгтэйг сануулж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь ямар ч тавгүйтэл, сэтгэлийн дарамттай байдлын үед бие махбодийн бүх эд эрхтэн, бүх эрдэс бодис энэ үйл явцад хамрагдаж, ямар нэг хариу үйлдэл хийдэг. Гэхдээ энэ бүхэн тийм ч удаан үргэлжилдэггүй. Сэтгэл зовоож, айдас төрүүлж байсан зүйл нэгэнт өнгөрвөл, бие махбодь чинь богино хугацаанд тайвшран амарч, хэвийн байдалдаа ордог. Үүнийг богино хугацааны сэтгэлийн дарамт гэж нэрлэдэг. Гэхдээ эдгээр өөрчлөлтийн үед бие махбодь үүргээ гүйцэтгэх чадвараа хараахан алдаагүй байдаг. Стресс нь өсвөр үеийнхэнд илэрэхдээ: -Хэн нэгэнтэй байнга зөрчилдөх -Нойр их хүрэх, эсвэл нойргүйдэх -Байнга юм идмээр санагдах, эсвэл огт юм идэх дур хүрэхгүй байх -Толгой өвдөх, гэдэс эвгүйрхэх, ханиад хүрэх, халдвар амархан авах, булчин шөрмөс өвдөх -Ямар нэгэн зүйлд хэт улайрах /ТВ үзэх, байнга хөгжим сонсох/ -Найз нөхдөөсөө дайжих, зожигрох, эсвэл хэнтэй ч хамаагүй цагийг өнгөрөөх -Ямар ч шалтгаангүй уйлах, уйлмаар санагдах? - Тэнэг хүн шиг өөрийгөө голох сэтгэгдэл төрөх -Сэтгэл хэзээ ч тайван бус байж, ямар нэгэн зүйлд байнга санаа зовох -Бүх зүйл хяналтын гадуур байх шиг /би юугаа ч зохицуулж чадахаа байлаа гэж бодох/ -Сэтгэлийн гунихрал, цөхрөл, бүх зүйл утгагүй, бүгд өнгөрсөн мэт уйтгар төрөх Өсвөр үеийнхэн бэрхшээлтэй учирсан үедээ ихэвчлэн өөрийгөө тайтгаруулахын тулд ТВ үзэх, найзтайгаа утсаар ярих, хөгжим сонсох, гадуур сэлгүүцэх, эсвэл ямар нэг зүйлээр оролдох зэргээр цагийг аль болох саатаж өнгөрөөхийг хичээдэг. Үүнээс үзэхэд чадахаараа л өөрийгөө тайвшруулах гэж хичээж байна. Ингэх нь богино хугацаанд ч гэсэн бэрхшээлтэй асуудлаас хөндийрөхөд тусалдаг. Гэхдээ асуудлыг шийдэхээс зайлсхийх нь түүнийг шийдэж байгаа арга биш юм. Зарим хүн архи уух, тамхи татах, тэр ч бүү хэл амиа хорлохыг оролдох зэрэг арга замыг сонгодог. Иймэрхүү байдлаар цөхрөх, бүхнийг үгүйсгэх, аливаад итгэл алдах нь бүр ч аюултай. Энэ үед хүмүүс голдуу “Би өнгөрсөн хүн. Одоо яагаад ч нэмэргүй”, “Би бүхнийг үзэн ядаж байна” гэх мэтээр аашилдаг. Ийм байдалд хүрсэн үедээ найдвартай, түшигтэй, сайнаар нөлөөлж чадах хэн нэгний тусламж зайлшгүй хэрэгтэй болжээ гэдгийг ухаарч, чамд тусалж чадах хэн нэгнийг эрж хайж, туслалцаа авахаасаа ичиж, нэрэлхэх хэрэггүй. Сэтгэлийн тавгүй байдал, дарамтын үед чи амрах, алжаал тайлахаа мартдагаас өөрөө ч мэдэлгүй хүч энергиэ, өөрийн олон сайн зан чанаруудаа, идэвхтэй байдлаа алддаг. Тэгээд урд өмнө нь амархан хийчихдэг байсан зүйлээ ч хийж чадахгүйд хүрнэ. Ийм байдал нь яваандаа сэтгэлийн тавгүй тэлд хүргэдэг. Нэг минут хэртэй чи их сайхан байх шиг санагдсанаа дараагийн минутад бүх зүйл хоосон ч юм шиг санагдах, тэгснээ хэн нэгэн рүү дайрч давшлах ч юм уу, толгой өвдөх зэргээр сэтгэл тавгүйрхэж эхлэх, хэсэг хугацааны дараа гэнэт ааш араншиндаа санаа зовж, юунд ингэв дээ гэж харамсдаг. Амьдралыг чухам юу улам бэрхшээлтэй болгодог вэ? Сэтгэлийн тавгүй байдал гэдэг нь чиний дотор болж буй зүйл юм. Энэ нь чи өөрийн өмнө тохиолдож буй бэрхшээлийг яаж ойлгож хэрхэн хүлээж авч байгаагийн үр дүн. Ихэнх тохиолдолд хүмүүсийн амьдралд тохиолдож буй бэрхшээлүүд ойролцоо байдаг. Харин түүнийг яаж ойлгож, ямар байдлаар хүлээж авч байгаагаараа л ялгагддаг. Энэ нь чиний аливаад хандах хандлага, өөрийгөө үнэлэх, асуудлыг олон талаас нь ойлгох чадвар, аливааг зохицуулах чадвар зэргээс хамаардаг. Хэрвээ асуудлыг их явцуу хүрээнд авч үздэг, аливааг шийдвэрлэхдээ өөрийн хүчинд бус, ихэвчлэн бусдын хүчинд тулгуурладаг, амарчилдаг, ядрахаас айдаг зэрэг шинж чанар давамгайлсан хүмүүсийн хувьд бэрхшээл үргэлж тэднийг дагалдаж байдгийг сана. Ер нь чухам юу чамайг айлгаж, сэтгэлийг чинь зовоодгийг тодорхойлж, олж мэдэх нь чухал. Гэхдээ амьдралыг бэрхшээлтэй болгодог ч гэсэн тэр бүр шийдэх боломжгүй зүйлс бас байдгийг анхаарах хэрэгтэй. Хэчнээн өндөр боловсролтой, ухамсартай, мөнгөтэй, авьяастай, бүхний хайрыг татаж, хүндлэгдэж байдаг хүмүүсийн хувьд ч сэтгэлийг нь зовоох зүйл бас л байдаг. Зарим нэг буруу ойлголтод өгөх зөвлөмж 1. Би ер нь дандаа азгүйтэж байх юм. Лав солиотой байх аа. Энэ худлаа. Чи солиотой хүн биш. Бас азгүй ч хүн биш. Харин чи өөртөө итгэл муутай, үргэлж ямар нэг юманд санаа зовж, айж байдгаас өөрөө өөрийнхөө чадварыг хязгаарладаг хүн шиг байна. 2. Хэрвээ завгүй л байвал би өөрөө өөртөө сэтгэл хангалуун байдаг. Энэ буруу. Ямар нэг бэрхшээл түүнийг хайхрахгүй өнгөрснөөр шийдэгддэггүй. Чи аль болохоор завгүй байж, бэрхшээлийг мартсанаар асуудлыг шийдчихгүй. 3. Сэтгэл санааныхаа таагүй байдлын тухай дотны хүмүүстээ хэллээ гээд тэд ойлгохгүй, тэгээд ч тэд тусалж чадахгүй л дээ. Зарим нэг нь ойлгохгүй байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ чамайг ойлгож, туслах хүн олдох нь лавтай. Ер нь өөрийгөө ойлгож, сэтгэл санааг чинь хуваалцах хэн нэгнийг олж нээлттэй ярилцах нь зөв. Өөрийн бэрхшээлийг ганцаар даван туулах нь илүү их бэрхшээлийг үүсгэдэг. 4. Бэрхшээл тохиолдсон үед уйлах нь тэнэг хэрэг. Энэ буруу. Сэтгэл санаа тавгүй үед уйлснаар сэтгэлийг чинь тавгүйтүүлж байсан мэдрэмжийг тайлж, дотроо онгойлгох боломжтой. Тэгээд ч хэрвээ байнга уйлмаар санагдаад байвал чамд хэн нэгний тусламж хэрэгтэй болжээ гэсэн үг. 5. Өнөөдрийг л давчихвал, маргааш байдал дээрдэх байх. Магадгүй тийм ч байж болох юм. Маргааш бас л бахь байдгаараа ч юм уу, эсвэл бүр дордож ч болох юм. Тэгээд ч чи маргааш гэхэд өнөөдрөөс илүү сульдсан байна шүү дээ. Иймд сэтгэлийг чинь зовоож байгаа зүйлийг олж мэдмэгцээ л даруйхан шийдэхийг эрмэлзэх нь хойш тавьснаас хавьгүй дээр. 6. Амьдрал ч маш хэцүү юм даа. Тиймээ, амьдрал амаргүй. Гэхдээ чи ерөөсөө хөгжиж баясахгүй, тэнэг дүйнгэ мэт явбал эсвэл үргэлж баясаж цэнгээд, амьдрал сайхан гэж хашгичаад байх юм бол амьдралын тэнцвэрт байдал чинь алдагдана. 7. Би ганцаараа л баймаар. Зарим үед энэ нь зөв л дөө. Гэвч хэнтэй ч ярихгүй ганцаар бэрхшээлийнхээ тухай бодоод л суух нь байдлыг бодитойгоор харах боломжгүйд хүргэдэг. Найз нөхөд, эцэг эх, дотны хүмүүс чинь амьдралын тэнцвэрт байдлыг хангах, ойлгохгүй зүйлээ олж харах, асуудлын олон өнцөг, амьдралын бодитой талыг олж харахад чамд тусална. 8. Хэн нэгэн л миний яах ёстойг сайн мэднэ дээ. Зарим талаар энэ нь үнэн л дээ. Найз нөхөд, эцэг эхтэйгээ ярилцаж, зөвлөх нь сайн хэрэг. Тэдний зөвлөгөө чамд их тустай. Гэвч заримдаа өөртөө итгэж, өөрийгөө сонсох шаардлагатай цаг үе байдаг. Тэгэхдээ биеэ голж, хэн нэгэнд зовлонгоо даатгах нь тийм ч сайн хэрэг бас биш шүү.
А.Цэвэлмаа
|